Sunday, March 18, 2012

Юуны учир... А.Төгөлдөр

Сүүн шимээр торнин сүүдрээ шилгээж оддог
Суусар булгаар гангаравч сүнсээ хиртүүлж орхидог
Хүслээ уургалж чадалгүй шуналаа ганзгалан буцдаг
Хүний энэхэн хорвоод юуны учир мэндлэв...


Сайн муу, сайхан муухай
шүүмж
Салалт учрал, салаа зам
гутрал
Үзэл бодол, үнэн худал
цэцэрхэл
Үхэл хагацал, өвчин зовлон
үгүйрэл

Тоочсон тэд үнэхээр бодитой юм гэж үү
Төчнөөн олон шалтгаан байх ёстой гэж үү
Түймрийн улаан галаар төөнж нэг үзэвч
Тундрын их цасаар булж дахин оролдовч
Үнэхээр эд устах уу?
Үймээн самуун арилах уу?
Үгүй
Үгүй
Бас дахин
Үгүй

Хүмүүн та
Гэрлээс нүүр буруулж харанхуйн зүг тэмүүлсэн
Гэрээсээ оргон дайжиж гаднах үзэгдэлд төөрөлдсөн
Алт хэмээн андуурч хөсрийн чулууг өвөртөлсөн
Аз хэмээн эндүүрч зовлонд хөлөө дүрсэн
сэрэх цаг хэзээ вэ?
сэрхээрэх мөч хэдийд вэ?

Утгыг бас гажуулсан
Өөдгүй муйхар өмчирхөлөө ХАЙР хэмээн нэрлэсэн
Өнгөц зуурдхан хурьцлаа эрхэм ЖАРГАЛд тооцсон
Болор жүнзний боолыг РАШААН хэмээн тогтоосон
Бодлын элдэв төсөөллөө ҮНЭН гэж итгэсэн
Огиудас хүргэм шуналаа ЗОРИЛГО гэж
Ойворгон түрэмгий зангаа ЗОРИГ гэж
Үнэргүй цэцэг мэт уран үгсээ МАНЛАЙЛАЛ гэж
Үнснээс өөрцгүй өндөр хэдэн барилгаа ХӨГЖИЛ ... гэж л нэрийдсэн
мөдхөн ухаарах уу?
мөнхөд сүйрэх үү?

Сүлжсэн торондоо уягдсан
Шалтгааны хар үрийг өөрийн мунхагаас тариалсан
Шавар байшин барин хэт бөөгнөрлийг үүсгэсэн
Төмөр робот зохион цунамын давалгаанд цохиулсан
Төлөөс бүхнийг үүсгэн түүндээ хүлэгдэж унасан
Билгийн мэлмий нь хүслийн тоосоор хучигдсан
Биеийн гоёо нь нүцгэний дуулгаар хуяглагдсан
Бэлтэй хэдэн нөхөд нь тачаалын далайд живсэн
Бэнзтэй зарим нэг нь хахуулын хавханд тасчуулсан
тороо цаашид нэхэх үү?
торноосоо халин нисэх үү?

Үнэний утгыг сэрээцгээе
Хүн та уснаас ундарч, уулнаас үүсээгүй
Хүйгээр холбогдон хайраар өлгийдсөн ижий бурхнаас л мэндэлсэн
Эрдэнэт хүний төрлийг олсон
Эгэл биш төөргөө эргэн нэг тольдооч
Харааны солио чинь гажсан байж болноо
Хэрэв чи хэлэх хэдэн үгсийг минь хэлхэж тунгаан ухаарваас
Ижил олон сүргээ санан санан үүрсэх морин эрдэнэ мэт
Ивээл хайрын мөн чанар чамайг хүлээн дүүхэлзнэ
зөрүүдлэн цаашид сөнөх үү?
зүүдэн хоосноосоо сэрэх үү?

А.Төгөлдөр. 2011.05.09

2 comments:

Frank said...

Бас л сайн сэтгэсэн бичлэг байна.

Ямар гоё холбож хэлээ вэ?

O_x said...

Харин тиймээ. Сөнөхүү сэрэхүү? гоё бичсэн байналээ.

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.