Tuesday, August 16, 2011

Г.Аюурзана - Философийн шvлгvvд

Борооны үнэр сэтгэлд анхилавч
Зун дууссан байна
Бодолгүй уншсан амьдралын хуудас
Тэртээ үед өнгөрсөн байна.


Амтыг нь мартсан уруул ямархан амттайг
Эргээд нэг санъя гэтэл зүүд дууссан байна.
Арван жилийн өмнөх дуугүйхэн үнсэлт минь
Нээрээ, арван жил өнгөрчихсөн гэж үү?
Амьдралын буухиа дэндүү хурдан
Аймшигтай, өршөөлгүй ажээ. Тэгэхэд зүрхэнд лугшиж байсан цусыг
Тэнгэрт хийссэн энэ он жилүүд юүлээд
Оронд нь бусдын цус сэлбэсэн юм шиг
Ондоон хүн болжээ, би
Ондоон бүсгүй эхнэр минь болжээ.
Алсад үлдсэн цэлмэг бяцхан өртөөнд
Амьдралын минь буухиа дэмий л түр зогсжээ
Осол гаргахгүй гэж зөрлөг хүлээсэн галт тэрэг
Одоо санахад, хэн нэгнийг минь дайраад алжээ.

* * * 


Нүдэнд минь
Хүсэл гэрэлтэхгүй
Сэтгэл минь тийм гүн... 



* * *

Их баярын дараах уйтгар мэт
Их жаргалын дараах гуниг... 

* * * 

Хэзээ ч бусдын мэдэлд ороогүй
Хэнзхэн санаа минь насанд хүрч байна
Хэний ч хүртэж, нэвтэрч байгаагүй
Тэнгэрийг тэмтрээд хуруу минь хөрч байна...

* * * 

Маргааш гэдэг чихүүн, бүдэг, гунигтай
Үүл мэт зөөлөн ширхэгтэй, тод, чихүүн
Манан дунд нэгээхэн морь ергөх зуур
Өнөөдөр намайг хайрлаад маргааш март! Тэгэх үү!

* * * 

Хичнээн хичээгээд хүсэлд минь
Өөр бүсгүй багтахгүй Гэвч би хүүхэд мэт
Үнэн ч дурлаж чадахгүй
Чамайг гэж бодоод
Хэнийг ч энхрийлэхэд бэлэн
Чанга инээд шиг цохилох
Зүрхээ захирч чадахгүй
Чамайг гэж бодоод
Хэнийг ч энхрийлэхэд бэлэн
Чиний тухай бодол минь
Солиорсон хүн шиг насгүй,
Чийгтэй агаарт татаатай
Солонгийн төдий хэврэг,
Үлээхэд сарнимаар эмзэг
Гэвч гадаа салхитай байна
Үнэндээ энэ солонго
Хийсээд арилчихгүй л байна... 



No comments:

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.