Saturday, August 13, 2011

Ш.Сүрэнжав **Би Тэнгэрийн Хүү**

Photo by Mr.GGСҮРЭНЖАВ - Би Тэнгэрийн Хүү by seriyoz

Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм
Газрын охинтой гэрлэж нарны аяганаас цай уусан
Гашуун дарснаас хиртэж ганихарлын орон дээр хөрвөөж үзсэн
Цагаан цасан дээрээс будрахад хөөцөлдөн эрхэлж
Уулс сандайлан үүлсээс үүлсэд дүүжин хийж нааддаг байсан
Цагийн бороо тэнгэрээс асгарахад хөхрөн баясч
Утас дамжих шиг усан ширхэгээр нь авиран гарч
Оддыг сондор болгон хэлхэж цэцгийн толгойд зүүж өгч явсан
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм

Хурмастын аянгаас гал могой ташуур шүүрэн авч
Бэртэгчний нурууг шалба ороолгон залхааж явсан
Мунхагийн хор шингэсэн хорголжийн хар нүднээс нь
Мугулзуу эвэртэй үхэрт хөллүүлэн бэртэж явсан
Муугийн гайг шившин хөөж бусдад ариуныг урин
Мөлхөж яваа хүүхдийн өвдөг дор цэцгийн дэлбээ ивж явсан
Хүний юу бодож явааг нүднийх нь харцнаас уншдаг байсан
Сэрлийнхээ сувгаар хурмастын өргөөтэй харьцдаг байсан
Сэтгэлийнхээ рашаанаас найраг болгон нэрж хүмүүст амсуулсан
Нэг нь амтархан шимж байхад нөгөө нь аяглан тамшаалж байсан
Аанай бас тургиж ч байсан алинд нь ч би гомдоогүй
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм

Тэнгэр эцгийнхээ зүүрмэглэхийн зуур
Тэрхэн зуурын зүүд болж газар дэлхий дээр ирсэн юм
Сэрэхтэй нь зэрэг би явна
Тэр болтол нь та нартайгаа уулс түшиж туйлс хайлж
Морин толгойтой хууранд тань
Монгол аялгууг хоршин дуулж сууна
Хүмүүс минь ээ
Газрыхан минь ээ
Та нар намайг явахын цагт энэ морин толгойтой хуураа л өгөөрэй
Үүгээр чинь би хурмаст эцгээ уяруулан хайлуулан дуулуулна
Үүлэн тансаг хур болон ивэлж үргэлжид тэгвэл нь та нарыг ивээнэ
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм

Гантиг чулуу минь чи
Ганцхан энэ мөрийг минь
Гайгүй сайн тогтоож аваарай
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм

5 comments:

Anonymous said...

THOR юм биздээ :D

O_x said...

Ано: Хэхэ заадаа бараг тэгж ойлгож болно.

Anonymous said...

hehe

O_x said...

Maybe i'm THOR :P

Anonymous said...

энэ бол чат биш та нар зөвхөн сэтгэгдэлээ л үлдээх ёстой энэ зохиолчийг ямар хүн гэдэгийг мэддэг бол хүндэтгэ

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.