Wednesday, June 22, 2011

Г.Аюурзана шүлгүүд

Амьдрал зүүд юм бол 
Амьдрал зүүд юм бол 
Нэг л цагт чи сэрнэ
Амьдарч зүүдэллээ гэж бодохгүй
Үхэж зүүдэллээ гэж ярина
Хажууд хүн байхгүй
Ханиалгахад чинь дуу гарахгүй
Харанхуйд чи тэмтчин цагаа эрнэ
Харин чи цагийг зүүдэндээ л мэднэ
Одоо бол сэрүүн
Цагаар яахав



Өнөөдрийн тухай 
Өглөө сэрэхэд зуун оньсого угтсан
Өнөөдөр, магадгүй, миний сүүлчийн өдөр.
Энэ хэдэн жилд бодож явсан бүхнээ
Эцсийн удаа цэгцэлж санах өдөр.
Хэзээ ч бусдын мэдэлд ороогүй
Хэнцхэн санаа минь насанд хүрч байна.
Хэний ч хүртэж нэвтэрч бараагүй
Тэнгэрийг тэмтрээд хуруу минь хөрч байна.
Энэнээс цааш маргааш гэж байхгүй.
Энэ чинь, бурхан минь, ямар сайхан юм бэ!
Энэ л өдрийн тулд амьд явснаа
Эргэцүүлж ч амжаагүй суутал нар жаргаж байна. 


Цаг хугацаа амсхийх зуур 
Цаг хугацаа амсхийх зуур би гүнзгий амьсгалаад
Цаашаа яьж эхлэхэд нь санаа алддаг.
Цаг хугацаа амсхийх зуур би ухаангүй дурлаад
Цаашаа явж эхлэхэд нь тэнгэрээс буудаг.
Цаг хугацаа амсхийх зуур би шүлэг бичээд
Цаашаа явж эхлэхэд нь үзгээ тавьдаг.
Цаг хугацаа амсхийх зуур би нүдээ нээгээд
Цаашаа явж эхлэхэд нь үхлийг хардаг.


No comments:

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.