Tuesday, June 14, 2011

МОНГОЛ ЭР ХҮН


Уугуул нутагтаа эзэн шиг эзэн байж, уулс толгодоо давуулан бодлоо билчээдэг, үглэж яншаад байхгүй хэрнээ харцаараа л бүхнийг ойлгуулдаг, уйлж дуулаад байхгүй хэрнээ сэтгэл зүрхэндээ л бүхнийг багтааж явдаг Монгол эрчүүд, шаналал ухаанаараа, зориг цусаараа өнөөгийн Монгол орныг бидэнд хүлээлгэж өгсөн.
-Айл гэрийн ч, улс гүрний ч амьдрал, хувь заяаг нуруун дээрээ авч явах тавилангийн эрхээр арай л холыг харж, уужим сэтгэнэ. "Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг" гэдэгчлэн, өнөөдөр болж байгаагаас илүүтэй, маргааш яаж амьдрах, нөгөөдөр хэрхэн хөгжиж, дээшлэхийг эр хүн л бодож олж, зориглон шийдэж байх учиртай. Тиймд ч ухаанаа төвлөрүүлж, бодлоо цэгцэлж, үгээ цэнэж, үйлээ дааж явах нь өөр хэний ч бус эр хүний л үүрэг гэнэм.-Учирч буй баяр жаргалд, уухай хадуулан хөөрч орилоод байхгүй, уй гашуу зовлонд ч уйлж унжин, нус нулимс болоод байхгүй сэтгэлийн хат, ухааны тэнцвэрийг эр хүн л барина. Хамгийн хүнд хэцүү мөчид, эр хүний ханхар цээжийг түшиж, энхрий дотно үгийг сонсож, нөмөр нөөлгийн дулааныг мэдрэхийг л хүн бүр хүсдэг гэнэм.
-Уйлж бархирах нэгэнд ч, үглэж дуулах хэнд ч, агсарч хашхирах андад ч, атаархаж хорсох нөхөрт ч, хэрүүл өдөж, хараал урсгах жөтөөрхөгчид ч үйлдэл болгонд нь уралцан хэрэлдэж, барилцан зодолдоод байхгүй, хэрсүү ухаан, хат тэвчээр эр хүнд л байна. Тэвчээр бол хорслыг давах ухаан байдаг. Тэглээ гээд хохирсон хүн үгүй гэнэм. Эрт цагаас эдүгээг хүртэл "Монгол эр хүн" гэдэг ийм л байсан. Ийм л эр хүний нуруун дээр Монгол ахуй, Монгол амьдрал, Монгол төр тогтож иржээ.
Гэтэл өдгөө
-За эр хүн байна даа наадахаа уучих
-Эр хүн байж энүүнд дээрэлхүүлээд байх даа яахав дээ
-Эр хүн байж эхнэртээ толгойгоо мэдүүлээд байхгүй шүү
-Эр хүн юм бол гараад үзчихье
-Эр хүн байж новшрохгүй шүү
Өдгөө эр хүнийг үнэлэх үнэлгээ ихэд өөрчлөгдөө юу даа? "Энэ муусайн эрчүүд" хэмээн амьдралын хүндийг үүрч, өрх толгойлж яваа бүсгүйчүүд зэвүүцнэ.
-Өчүүхэн зүйлийн төлөө барьцалдан зодолдож, өөр хоорондоо муудалцана. Эвлэрч сайдсан хойноо ч өс санаж, энд тэнд очин өөрийгөө өмөөрч, өрөөл бусдыг муучлан ярих эрчүүд. Ухаанаар бус нударгаар бүхнийг шийдэх ядмагхан арга үгүй гэнэм.
-Өөрийн эхнэртээ бүхнийг мэдэмхийрэн зааж, үр хүүхэддээ хүртэл байнга үглэн шаналгана. Оролцохгүй мэдэхгүй зүйл үгүй хэрнээ, өөрөө юу ч хийхгүй, өчүүхэн өө сэвийн төлөө үргэлжид хэрүүл маргаан дэгдээх эрчүүд. "Уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутал тайлан" сүржэгнэх нь "юм үзээгүй" муу эрийн шинж гэнэм.
Энэ цаг дор зарим Монгол эрчүүдэд өв уламжилж ирсэн үнэт чанар үгүй болж, өрх толгойлсон эмэгтэйчүүд олширч, өрх гэр төдийгүй улс орны тулгуут багана нь ганхах болж дээ. Үг даадаггүй, үйлс бүтээдэггүй, сархадад толгойгоо мэдүүлж, сайхан сайхан "бүлт үсэрч", амьдралын хүнд ачааг бүү хэл алд биеэ авч явж чадахгүй эрчүүд олширвол улс гүрэн мөхөхийн цондон.
1990 оноос хойш эрчүүд маань хангалттай архидаж, элдэв хэрэгт орооцолдож, уруудаж доройтлоо. "Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас" гэдэг өтгөсийн мэргэн сургаалиар, ухаарч тэвчин, энэ цаг үейинхээ эзэн нь болж, өөрсдийн ачаагаа үүрсэн шиг үүрч, сэтгэлийн хаттай, уужим ухаантай, зовхи нь өөдөө, хийморь босоо явах цаг иржээ монгол эрчүүд минь.


Уул шиг нөмөр нөөлөгтэй атлаа, дуу шиг уяхан сэтгэлтэй, хайр халамжаа сэтгэл дотроо л тээж явдаг ханийн сайхан түшиг эрчүүдээ хайрла.
Өөрт тань "мундаг хүн" харагдах гэж хичээвч, үнэндээ танаас хайр халамж битүүхэндээ горьдож л яваа, амьдралаа авч явах гэж өнөөдөр балчирдан будилавч, алсдаа уул шиг түшиг болох залуусаа хайрла.
Өсөхөд тань байнга үнсэж үлгэж байгаагүй ч, өөрийн тань хувь тавилан ирээдүйг өр зүрхэндээ тээж, үүний төлөө чадах бүхнээ хийсэн, өтөлж бууралраж яваа ааваа хайрла.
Хүнд хэцүү цагт бие биедээ түшиг болж, андын сайхан сэтгэлээр бие биеэ ачилж, айл гэрийн амьдрал, улс орныхоо хувь заяаны төлөө "дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг" явдаг эрчүүд ээ! бие биеэ хайрла.



No comments:

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.